Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 01/5640 тоот дүгнэлт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 01/2291 дугаартай албан бичгийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 405 дугаартай шийдвэрээр “Сауд гоби коэл транс” ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцласан билээ.
Мөн өчигдөр (2019.08.13) Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийн алба хаагчид Өмнөговь аймгийн Гурван тэс сумд очин “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцласан шийдвэрийг танилцуулж, үйл ажиллагааг зогсоолоо.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус байгууллагад ашиглаж байсан тоног төхөөрөмж, хэрэгслийг битүүмжилж, лацдаж, цагдаагийн байгууллага уурхайн амыг хааж, тусгай зөвшөөрлийн талбайг хамгаалалтад авчээ.
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт нэмэлт өөрчлөлт оруулан 153469,47 га газрыг өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоолын төсөл боловсруулсан байна. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ асуудлыг эцэслэн хэлэлцэж шийдвэрлэнэ.
1 comment
Шуналаа дийлэхээ байсан нүдэнд хүйтэн чойжоо одоо бношдэ газар доорхыг нь өчнөөн л авч баяжлаашдэ өч төчнөөн нүүрсний орд бас ажиллуулж бн хамаг өөдтэй газрыг хямд булааж аваад барилга барьж бн нөхөн засвар хийх хэрэгтэйшдэ