Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын түүхт 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсон иргэд хүндэтгэлийн хүлээн авалтын хоолонд хордсон байж болзошгүй байдалтай байгаа талаар аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 66 иргэн эрүүл мэндийн байгууллагад хандаж, 20 иргэн аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Тус арга хэмжээ нь энэ сарын 8-нд болсон бөгөөд тухайн үед 170 орчим хүн хүлээн авалтад оролцжээ. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргалын хэлснээр 66 хүн салмилёз гэх хоруу чанартай гэдэсний халдварт бактериар өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Анхны шинж тэмдэг илэрсэн хүн энэ сарын 10-нд эмнэлгийн байгууллагад хандсан бөгөөд улмаар аймгийн Эрүүл мэндийн газраас Халдвартын эмнэлгийн үйл ажиллагаагаа идэвхижүүлж, эмч, сувилагчдын тоог нэмэгдүүлэн шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Одоогоор хүнд байдлаар өвчилсөн хүн байхгүй, биеийн байдал нь хүндэвтэр хүмүүс байгаа гэнэ.
Цаашид ч хордлогын шинж тэмдэг хүнд, хөнгөнөөр илэрсэн хүний тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Учир нь хордлогод орсон зарим иргэд жин цохих зэрэг өөр өвчинтэй андуурч хугацаа алдан эмнэлэгт хандаж байгаа тул аймгийн Эрүүл мэндийн газраас тус арга хэмжээнд оролцсон бүх хүмүүстэй холбоо тогтоож биеийн байдлыг нь асууж, болзошгүй эрсдлийг бууруулах арга хэмжээ авч ажиллаж байгаа гэлээ. Хордлогод орсон хүмүүсийн ихэнхид нь хөл, гар зэрэг хүчтэй өвдөх, суулгах, толгой өвдөх, халуурах, нуруу өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Халдварыг таслан зогсоохоор Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллаж байгаа гэж мэдээллээ.
Эх сурвалж: Говь телевиз