БНСУ-ын Чэжү хотод өнөөгийн байдлаар 10 мянга гаруй гадаадын хууль бус цагаач иргэд “Сүүдэрт нуугдан амьдарч байна” гэж үзэж буй аж. Тиймээс тус хотын цагаачлалын алба энэ сарын 5-ны өдрөөс “Хууль бус цагаачдын орон сууцны шалгалт”-ыг эхлүүлжээ. Шалгалтаар 29 настай “А” тэргүүтэй Хятад улсын харъяалал бүхий хууль бус 30 иргэнийг нэг дороос баривчилсан тухай өчигдөр (2019.08.09) мэдэгдлээ.

Баривчлагдсан хятад иргэдийг нутгийн оршин суугчдын шалгах хүсэлтийн дагуу илрүүлсэн бөгөөд тэдний 21 нь эрэгтэй 9 нь эмэгтэй байсан аж. Насны хувьд 20-50 орчим настай хүмүүс байжээ.

Он гарснаас хойш Чэжү хотын хэмжээнд хууль бус гадаад иргэдийн гэмт хэргийн тоогоороо Хятад иргэд давамгайлжээ. Хүн амины болон танхай, дээрмийн хэрэг гарах болсноор тус хотын оршин суугчдын аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэн ийнхүү хууль бус гадаад иргэдийг илрүүлэх тусгай ажиллагааг Чэжү хотын цагаачлалын алба болон цагдаагийн газартай хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Уг арга хэмжээ 2019 оны наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал 3 сарын хугацаанд үргэлжлэх юм.

Тус хотын зүгээс 59 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулахаар томилсоноос цагдаагийн 44 алба хаагч, цагаачлалын албаны 15 ажилтан үүрэг гүйцэтгэх юм байна. Тэдний зорилго нь нутгийн болон хууль ёсоор хөдөлмөр эрхлэгч гадаад иргэдийн мэдээлэл болон мэдээллийн нууцыг чандлан хадгалж, тэднийг гэмт хэргээс хамгаалах явдал ажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн