Их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтанд хамруулан, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж, эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй, оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газраас 6 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа “Оюутан цэрэг” сургалтын “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” хээрийн сургалттай Батлан хамгаалахын дэд сайд болон тус хөтөлбөрт хамрагдаж байгаа сургуулийн захирлууд танилцлаа. Оюутан цэрэг сургалт нь эрчимжсэн сургалтаар цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшүүлэн цэргийн тангараг өргүүлдэг байна.
Эрчимжүүлсэн вакум сургалт нь 1 жилийн хугацаат цэргийн албаны сургалт, бэлтгэлийг 4 сарын хугацаанд багтаан оюутан сурагчдад мэдлэг, дадлага олгож байгаагаараа онцлог юм. Энэ жилийн хувьд ҮБХИС-иас оюутан цэргүүдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байр танхим барьжээ.
Оюутан цэргүүд өчигдрийн хээрийн бэлтгэл сургуулилтаар гранат шидэж, буудлага гүйцэтгэсэн бол өөр хэсэг нь танк, хуягт тээвэрлэгчийн доогуур мөлхөж, гал түймэртэй болон саадтай газар орныг туулж байлаа.
Тэдний ойролцоо хэсэгт суралцагчид байлдааны үед хэрхэн отолт хийж дайсны амьд хүчийг олзлох, хээрийн нөхцөлд хэрхэн гал түлж, амь зогоох, модны мөчир ашиглан оромж барьж, нойтон модыг гал болгон асаасан гээд амьд гарах арга ухааны олон зүйл сурснаа албаныханд сонирхуулж байв.
Бэлтгэл сургуулилтыг суралцагсдад сэтгэл зүйн бэлтгэлийг олгох үүднээс байлдааны байдалд ойртуулсан дуу чимээтэй, газар орныг ч мөн дайны байдалтай болгон төхөөрөмжилжээ.
Харин талбайн нөгөө хэсэгт оюутан цэргүүд цэргийн ёслолын жагсаал алхаж, талбайн хажууд зарим оюутнууд гар дээр суниаж, савлуурт эргэх гэхчилэн чийрэгжилтийн бэлтгэл хийж байлаа.
“Оюутан цэрэг” хөтөлбөр нь 2016 оноос шинээр батлагдсан Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн албаны нэгэн хэлбэр болж хэрэгжиж эхэлсэн юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 5000 гаруй оюутан энэхүү сургалтад хамрагдсан байна. Энэ жилийн хувьд ч өмнөх жишгээр 1000 гаруй оюутан хамрагдаж, мөн орон нутгийн хамрах хүрээг улам өргөжүүлжээ. Тухайлбал, энэхүү сургалтад 2017 онд 10, 2018 онд 14 аймаг дахь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчийг хамруулсан бол энэ жилээс Дорноговь аймаг дахь Политехникийн коллеж, МСҮТ-ийн оюутан, суралцагчдыг нэмж хамруулсанаар 15 аймаг дахь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид энэхүү сургалтад хамрагдсан байна.