Зуны амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан орон нутгийн замын хөдөлгөөний ачаалал ихтэй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Зөвхөн энэ долоо хоногт л гэхэд орон нутгийн замд зам тээврийн ослоос шалтгаалж 11 хүн нас баржээ. Үүнээс хоёр нь бага насны хүүхэд амь насаараа хохирч, дөрвөн хүүхэд гэмтсэн байна. Тээврийн цагдаагийн алба хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймаг буюу улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 цагаар зохион байгуулаад ажиллаж байгааг албаныхан хэллээ.
Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Чимэдбат: “Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97.7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж буюу онхолдох, мөргөлдөх осол аваар гарч байна. Ялангуяа жолоочид цагдаагийн хяналт байхгүй гэх замуудад замын хөдөлгөөний дүрэм заалтыг мөрддөггүй. Жишээлбэл, хурдаа хэтрүүлж, хамгаалах бүсээ зүүхгүй, шөнийн цагт холын гэрэлтэй хөдөлгөөнд оролцох нь элбэг. Цагдаагийн алба хаагчид маань ч үүнтэй нөхцөл байдлаа тааруулж гудамж замын хяналт шалгалтаа хөдөлгөөнт байдлаар зохион байгуулж байна. Өнгөрсөн жил 21 аймгийн замын цагдаагийн тасаг, хэсгүүдэд зөөврийн хурд хэмжигчийг хүлээлгэн өгсөн нь улсын хэмжээнд хурдыг хэмжих нөхцөл бололцоо хангагдсан юм. Нэг үгээр хэлбэл цагдаагийн хяналт шалгалт хаана ч байж магадгүй гэсэн үг.
Нэг талаасаа иргэд цагдаагийн алба хаагчдаар амь нас, эрүүл мэндээ хамгааллуулах сонирхолтой болсон ч юм шиг. Орон нутгийн замд хурдыг 80 км цагаас хэтрүүлж хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50 мянган төгрөгөөр торгож, хоёр оноо хасдаг бол 120 км цагаас илүү хурдыг хэтрүүлж оролцвол мөн л 50 мянган төгрөгөөр торгож газар дээр нь зургаан сараар эрхийг нь хасч байна” гэв.
Тухайлбал Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч нар аймгийн нутаг дэвсгэртээ хөдөлгөөнт байдлаар орчин үеийн дэвшилтэт технологийн 3-4 километрийн зайнд тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих хүчин чадалтай багажийг ашиглаж байна. Мөн Булган аймаг дах Замын цагдаагийн тасгийн алба хаагчид нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийг түр зогсоон, зорчигч жолооч нарыг эмчийн үзлэгт хамруулах, жолоочийн нойрыг сэргээж гарын амраангаа сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг хүргэж ажиллаж байгаа аж.