НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөхөөр ажиллаж байсан “Шинэ Монгол хаад” группийн захирал А.Ганбаатар нарын холбогдсон “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийг ТЕГ-аас шалгаж дуусаад тэднийг төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар өчигдөр (2019.08.09) УЕПГ-т шилжүүлсэн байна.
УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн гэгдэх төрийн албыг худалдаж 60 тэрбум төгрөг босгох тухай яриа бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, хэрэг явдал эхэлсэн. Улмаар хуулийн байгууллагууд уг асуудлыг өргөн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулан удаа дараа шалгаад, 2017, 2018 онд 60 тэрбумын асуудлыг гэмт хэрэг биш гэсэн дүгнэлтийг албан ёсоор гаргаж байсан юм.
Харин өнгөрсөн хугацаанд дээрх хэргийг тагнуулын байгууллагаас сэргээн дахин шалгаж, мөрдөн байцаалт нь дуусч, ийнхүү холбогдох этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр УЕПГ-т шилжүүлсэн байна.