Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цоо шинэ урсгалыг бий болгож, дэлхийг шуугиулж буй хамтлаг бол Монголын “Хүннү” рок “The Hu”. Тэдний АНУ-ын аялан тоглолтын хуваарь гарч, тасалбар зарагдаж эхэлсэн шөнө АНУ-ын Нью-Йорк хотын тоглолтын тасалбар дуусчээ.
Тэднийг сонсохыг хүссэн сонсогчид билет олдохгүй байна гэж гомдоллож байгаа сурагтай. Мөн АНУ-ын “Whole foods” томоохон сүлжээ их дэлгүүрт “The Hu” хамтлагийн нэртэй шоколадыг худалдаалж эхэлжээ. “The Hu” хамтлагийнхан энэ удаа аялан тоглолтоо есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш нийт 53 тоглолт хийхээр төлөвлөөд байна.
“The Hu” хамтлагийнхан Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоо дуусгаж, долдугаар сарын 8-нд эх орондоо ирж, хэсэг амраад билээ. Хамтлагийнхан аялан тоглолтоороо Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцоод ирсэн тухайгаа ярьсан юм.