17 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон “Жинжиймаа” Монголын уран сайхны кинонд Хонгорзул охины бага насны дүрд таван настайдаа тоглож байсан өхөөрдөм охин П.Оюун-Эрдэнийг энэ удаагийн энтертайнмент буландаа онцолж байна.
П.Оюун-Эрдэнэ Соёл урлагийн их сургуулийн Театр, кино урлагийн сургуулийг 2018 онд төгсжээ. Тэрбээр Хонгорзул дүрээсээ хойш 15 жилийн дараа буюу жүжигчний ангийн гуравдугаар курсийн оюутан байхдаа Ардын жүжигчин П.Цэрэндагватай хамтран А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны киноны гол дүрд тоглосон билээ.
Сонирхуулахад жүжигчин П.Оюун-Эрдэнэ энэ зун зураг авалт нь хийгдэж байгаа Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулан бүтээж буй “Эрдэнэсийн өв” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кинонд МУГЖ Ж.Оюундарь, С.Дамдин, Д.Гүрсэд, Б.Тунгалаг, МУСТА С. Болд-Эрдэнэ нартай хамтран тоглож байгаа аж.
Тэрбээр энэхүү кинонд тоглохынхоо хажуугаар энэ сарын 2-ноос эхэлж сонсогчдын хүртээл болсон МУСТА, дуучин О.Гансувдын шинэхэн уран бүтээл болох “Дурлаад жаргалтай” дууны клипэнд тоглоод амжжээ.
“Эрдэнэсийн өв” киноны зохиолыг зохиолч, яруу найрагч Р.Мөнхтариа бичиж, ерөнхий найруулагчаар Л.Баттулга, зураачаар Б.Батбилэг нар ажиллаж байна.
“Эрдэнэсийн өв” бүрэн хэмжээний уран сайхны кино нь Эрдэнэт үйлдвэрийн тухай өгүүлэх дэлгэцийн гурав дахь бүтээл юм. Эрдэнэтийн бүтээн байгуулалтын тухай “Эхлэл” нэртэй анхны киног МУСТА, найруулагч Ж.Сэлэнгэсүрэн найруулж байсан бол дараагийн “Дурсамж төгсгөлгүй” уран сайхны киног “Фантастик” продакшны найруулагч Р.Батсайхан найруулан, үзэгчдийн хүртээл болгож байсан юм.