Монгол сурагчид Кембрижийн шалгалтад олон улсын түвшний амжилт үзүүлжээ

Кембрижийн олон улсын шалгалтын 2026 оны үнэлгээний дүнгээр Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн 11 сургуульд суралцагч 55 хүн Cambridge Outstanding Learner Awards шагнал хүртжээ. Сурагчид Cambridge IGCSE, Cambridge International AS Level, Cambridge International A Level хөтөлбөрийн 40 гаруй хичээлээр улс, дэлхийд шилдэг үнэлгээ авч, монгол сурагчдын мэдлэг, ур чадвар олон улсын түвшинд үнэлэгдсэнийг баталсан байна.
Онцлох амжилтын хувьд төрийн өмчийн Шинэ эрин олон улсын сургуулийн сурагч С.Хангай IGCSE Mathematics хичээлээр дэлхийд хамгийн өндөр үнэлгээ авч, “Top in the World” шагнал хүртэв. The English School of Mongolia сургуулийн Х.Тэцэнбаатар “Best Across Eight Cambridge IGCSEs”, төрийн өмчийн Шинэ эхлэл сургуулийн Р.Арвинзаяа “Best Across Four Cambridge International AS Levels”, Orchlon International School сургуулийн Г.Мөнххишиг “Best Across Three Cambridge International A Levels” төрөлд Монголд тэргүүлжээ.
Математик, физик, хими, биологи, эдийн засаг, компьютерын шинжлэх ухаан, англи хэл зэрэг олон хичээлээр монгол сурагчид “Top in Mongolia” шагнал хүртэж, олон улсын жишиг үнэлгээгээр үе тэнгийнхээ дээгүүр амжилт үзүүлсэн байна.
Кембрижийн олон улсын боловсролын байгууллагаас олгодог энэхүү шагнал нь тухайн хичээлээр хамгийн өндөр амжилт гаргасан суралцагчид олгодог бөгөөд дэлхийн шилдэг их, дээд сургуулиуд хүлээн зөвшөөрдөг академик болон судалгааны ур чадварыг үнэлдэг нэр хүндтэй үнэлгээ юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн таван сургууль үйл ажиллагаа явуулж, жил бүр 4000 гаруй сурагч өрсөлдөж байна. Орон нутагт Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургууль болон олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг үе шаттай байгуулах бодлого хэрэгжүүлж байна.
Энэхүү арга хэмжээ сурагчдад сонирхол, авьяас чадвартаа нийцсэн хичээл сонгож судлах, хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг өргөжүүлж, чанартай боловсролын хүртээмжийг бүс, орон нутгийн ялгаагүй нэмэгдүүлэх зорилготой юм.
Монгол сурагчдын эдгээр амжилт нь хичээл зүтгэл, багш нарын мэргэжлийн ур чадвар болон сургалтын байгууллагуудын чанартай үйл ажиллагааны үр дүн бөгөөд Монголын боловсролын салбар олон улсын түвшинд өрсөлдөх чадамжаа сайжруулж байгааг харуулж байна.
