Ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн иргэний тухай бид өмнө нь мэдээлсэн. 48 настай тэрээр Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар энэ сарын 4-ний өдөр уг осол болсон юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, нийт 12 алба хаагч өчигдөр 14:40 цагт тус аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Дааган дэл” уул, “Цантын хошуу” гэдэг газрын заагт “Хэрлэн” голын эргээс /осолдсон газраас зүүн урд зүгт 26 км-т/ Б-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн “Хяргас” нуур гэдэг газар 13 хүн амарч явснаас тус аймгийн Зүүнговь сумын Зэл багийн харьяат 80 настай Ж /эмэгтэй/ энэ сарын 7-ны үүрийн 04:00 цагийн орчим хоноглож байсан майхнаасаа гарч яваад сураггүй алга болсон байна. Түүнийг “Хяргас” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 08:46 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авч, “Хяргас” нуурын эргийн хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийнхэн Цагдаагийн газрынхны хамт нийт 5 алба хаагч ажиллажээ. Улмаар мөн өдрийн 09:22 цагт “Хяргас” нуурын зүүн урд эргийн усан дотроос буюу нуурын эргээс 2 метрийн зайд 1 метрийн гүнээс цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймд ард иргэд амралт зугаалгаар явахдаа голын усанд орохгүй байхыг анхааруулж байна.