Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлжээ

2026-11-07 09:31
347625-02112026-1793594697-1276441492-atg

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс иргэдийн хувийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Д.М, Б.Г, Г.Т, Ц.Ч, Г.Б нар зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан цахим гэмт хэрэг үйлдэж, улмаар мөнгө угаасан байж болзошгүй хэргийг мөрдөн шалгаж дуусган прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх этгээдүүд нь ашиг олох зорилгоор тогтвортой зохион байгуулалттай гэмт бүлэгт нэгдэж, Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт оршин суух тодорхой хаяггүй, орон гэргүй, архины хамааралтай иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан нь тогтоогдсон байна.

Тэдгээр мэдээллийг ашиглан улсын бүртгэлийн мэдээллийн санд зөвшөөрөлгүй нэвтэрч, цахим банкны үйлчилгээнд хууль бусаар халдан холбогдох мэдээллийг өөрчилж, засварласан гэх хэрэгт холбогджээ.

Мөн гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үл хөдлөх болон бусад хөрөнгө худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулсан байна. Ингэснээр гэмт хэргийн орлогоор бий болсон ашиг, үр шимийг урт хугацаанд хүртэж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад улсын бүртгэлийн болон цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд иргэдийн хувийн мэдээлэл, лавлагааг дээрх этгээдүүдэд хууль бусаар гаргаж өгсөн, үүний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Уг хэргийг мөрдөн шалгаж дуусган прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа юм.

Эх сурвалж: АТГ

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих