Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг засна

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нар 2024 оны энэ сарын 4-ний өдөр “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх байрны засварын төсөл”-д 159,167 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл нь Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Төслийн хүрээнд Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх байрны дээвэр, гадна хана, хаалга, цонх, шал болон дотоод засварын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Төслийн хэрэгжилтээр тус сум болон ойр орчмын бүс нутгийн 15 мянга орчим иргэн аюулгүй, дулаан, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд хэвтэн эмчлүүлэх нөхцөл бүрдэнэ.
Мөн энэхүү төсөл нь тус эрүүл мэндийн төвийн ажилтнуудын ажлын орчин нөхцлийг сайжруулж, бүс нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэж үзэж байна.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос хойш “Өвсны үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй 635 дахь, Булган аймагт хэрэгжих 20 дахь төсөл болох юм.
