Монголын “Чжичжэнгийн хуулийн бичиг”-тэй танилцаж, эх оронд авчрах боломжийг хэлэлцэв

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд С.Сүхболд 2026 оны арваннэгдүгээр сарын 3-нд Солонгос судлалын төв хүрээлэнгийн Жансогаг сан хөмрөгт зочилж, Ерөнхий эрхлэгч Жон Ын Жү-тэй уулзав.
Энэ уулзалтын үеэр Монголын Юань гүрний сүүлчийн хууль зүйн эмхэтгэл болох “Чжичжэнгийн хуулийн бичиг” (지정조격)-тэй танилцаж, энэхүү нэн ховор түүхэн эх сурвалжийг эх орондоо авчрах мөн эрдэмтэн судлаачид болон олон нийтэд танилцуулах боломжийн талаар санал солилцов.
“Чжичжэнгийн хуулийн бичиг” нь Юань улсын Тогоонтөмөр хааны оны Чжичжэн-гийн 5 дугаар он буюу 1345 оны 11 дүгээр сард эмхэтгэн зохиосон бөгөөд 1346 оноос даган мөрдөж эхэлсэн эрх зүйн баримт бичиг юм. Уг баримт бичиг нь Курё улсын сүүл үеэс мөрдөгдөж, Жусонь улсын үед хууль эрх зүйн гарын авлага болгон өргөнөөр ашиглагдаж иржээ.
Мөн уг баримт бичиг нь Монгол, Солонгос хоёр орны олон зууны түүхэн хэлхээ холбоог гэрчлэх үнэ цэнтэй эх сурвалж төдийгүй Монгол судлалын чухал эх баримт юм.
“Чжичжэнгийн хуулийн бичиг” анх 2003 онд Кёнжү хотын Яндун тосгоны Сун овогтын гэрээс олдож, Солонгос судлалын төв хүрээлэн хуулийн эхийг сэргээн засварласны зэрэгцээ эх бичгийг судлан сийрүүлсэн ажлыг гүйцэтгэсэн юм. Үүний үр дүнд 2007 онд гэрэл зургийн эхтэй хамт хоёр боть болгон хэвлүүлэн гаргажээ.
