Монголын тамирчид Азийн V пара наадамд 10 медаль хүртэв

2026-11-04 17:01
20261104-170123-file.jpeg
Монголын баг Япон улсад болсон Азийн V пара наадамд дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чансаанд 14 дүгээрт орлоо.

Япон Улсын Айчи муж болон Нагоя хотод Азийн V пара наадам амжилттай зохион байгуулагдаж, Монгол улсын 44 тамирчин 10 спортын төрөлд хүч үзэв. Монголчууд дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн медалийн чансаанд 14 дүгээрт эрэмбэлэгдсэн.

Монгол улс өмнө нь Азийн пара наадмаас хамгийн ихдээ 11 медаль хүртэж байсан бөгөөд нэг наадамд хоёроос олон алтан медаль авсан түүх үгүй байв. Энэ удаад Японд болсон наадамд пауэрлифтингийн төрлөөр хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, таеквондогийн төрлөөр хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, жүдоч Л.Туруунаа нар алтан медаль хүртсэн.

Мөн пара жүдогийн төрөлд Т.Сувд-Эрдэнэ, пара хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ, зээрэнцэг шидэлтийн төрөлд Ц.Доржзодов, байт харвааны төрөлд Д.Сэлэнгээ нар мөнгөн медаль, таеквондогийн төрөлд Х.Темирбек болон байт харвааны эмэгтэй хос төрөлд хүрэл медаль хүртэв.

Наадамд нийт 1,538 медалийн төлөө өрсөлдсөн ба 33 улс медаль хүртсэн бөгөөд медалийн чансааг БНХАУ тэргүүлсэн. Хятад баг 435 медальд хүрч, 207 алт, 117 мөнгө, 111 хүрэл медаль хүртжээ.

Тамирчид нийт 27 удаа дэлхийн рекорд болон 81 удаа Азийн дээд амжилтыг, мөн 306 удаа Азийн пара наадмын амжилтыг шинэчилсэн байна.

Монголын хувьд Азийн пара наадамд дөрвөн удаа оролцож, нийт таван алтан медаль авсан. Эхний анхны алтан медалийг 2014 онд Инчоны наадамд Н.Алтанцэцэг болон жүдогийн эмэгтэй багийн төрөл авч байсан бол 2018 онд Э.Содномпилжээ эрэгтэй тамирчдаас анхны алтыг авсан.

2023 оны Ханжоугийн наадамд Г.Болор-Эрдэнэ, Д.Ганбат нар алтан медаль хүртсэн бөгөөд энэ удаад Э.Содномпилжээ, Г.Болор-Эрдэнэ нар анхны хошой алтан медальтан болжээ. Э.Содномпилжээгийн хувьд Азийн пара наадмаас хоёр алт, нэг мөнгө авсан юм.

Г.Ган-Эрдэнэ хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 10.30 метрийн амжилт үзүүлж хувийн дээд амжилтаа шинэчлэн мөнгөн медаль хүртсэн бөгөөд 18 настай нь энэ наадамд медаль хүртсэн хамгийн залуу тамирчин болсон.

Байт харвааны эмэгтэй хос төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар хүрэл медаль авснаар пара байт харвааны анхны медалиа хүртсэн аж. Мөн Д.Сэлэнгээ байтын ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэв.