Ярилцлагын нэрээ сонгох гэтэл уран бүтээлчийн дуунуудын нэрийг холбоод бараг л шүлэг бичих дөхөв. Учир юу хэмээвээс сүүлийн үед “хит” болж байгаа олон сайхан дуунуудын эзэнг онцолж ярилцахаар зэхсэн нь энэ билээ.
“Гуч хүрсэн бүсгүй” минь
“Дэрэвгэр сормууст”-ай
“Хөвсгөр бүсгүй” минь
“Солонгон аашт”-ай
“Итгэлийн наран” байхад
“Эхнэрийн чинь зөв” шүү
“Цасан танго” бүжихэд
“Хаврын бүсгүй” ирнэ дээ
“Уулсын чуулган Их-Уул нутаг”-таа
“Дэлхийн мөрөн Идэр гол”-доо
“Сэтгэл сэмрэх аялгуу”-тай
“Сурагч нас цэнхэрхэн хавар”-аа дурсаад
“Бид нэг ангийнхан” минь
“Зүрхэнд тамгалсан хайр”-аа мөнхлөв
“Тэнгэрлэг гэгээн андууд минь”
“Зөн орчлон”-д зөв амьдарнаа
“Ижий нутаг хоёр минь” цэнхэртээд
“Мэлмэрээ”-д үлдэвээ гэх мэтээр олон бадаг шүлэг хэлхэж болохоор…
Бүсгүйчүүдийн утас руу залгах бүрт “Гуч хүрсэн бүсгүй” гэх дуу чих хадаана. Дууны яруу найрагт эргэлт буцалтгүй орж, бүсгүйчүүдийн сэтгэлд зохиосон дуунуудаараа өөрийн орон зайг эзэлж чадсан энэ хүн бол МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ядамсүрэнгийн Отгонбаяр юм. Бүсгүй хүнийг хайрлахын шалтгаан их шүү дээ. Ярилцан суухуйд эрхэм найрагчийн тунгалаг хийгээд дөлгөөн сэтгэлийн далай нь үзэсгэлэнтэй юм билээ. Тиймээс ч олон сайхан уран бүтээл ундран гардаг биз ээ. Ингээд түүнтэй ярьсан ярилцлагаа хүргэе.
–Сайхан зусаж байна уу. Та чинь аль нутгийн хүн билээ?
-Сайхаан сайхан зусаж байна уу? Би Завхан аймгийн Их-Уул сумын Дунд Цэцүүхийн хүн. Алдарт Солонготын даваа, асарлан сүмбэрлэх Их-Уулсын орондоо саяхан нэг очоод ирлээ.
-Уран бүтээлч хүний ялангуяа яруу найрагч хүний төрсөн нутаг онцлог уран бүтээлд нь нэвт шингэсэн байх шиг харагддаг. Энэ тухайд?
-Миний нутаг үнэхээр л уулс чуулаад байна уу гэлтэй хаашаа ч харсан сүрлэг уулсын чуулган нутаг л даа. Тэр их уулсын хүн болохоор ч тэр үү аливааг их дэврүүн хүлээж авна. Амархан ч сэтгэл эмзэглэнэ. Хөрөөний ир шиг өгсөж намссан толгодтой газрын хүний л сэтгэл байх. Саяхан нутгаараа явж “Тарвагатайн нуруу бидний нүдээр” аялалд хамрагдаж таван дууны шүлэг бичиж ирсэн. Энэ аялалд хамруулсан Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын дарга Д.Туяа эгчдээ баярлаж талархсанаа илэрхийлье.
-“Гуч хүрсэн бүсгүй” дуу бүтсэн түүхийг уншиж байсан ч зохиогчоор нь яриулах илүү сонин байна?
-Хүмүүс энэ тухай их асуудаг. Энгийн л түүхтэй. Намайг 30 хүрсэн нэг сайхан бүсгүйд дурлаад бичсэн байх гэж төсөөлдөг биз. Үгүй юмаа. Зун цаг байлаа. Нутгийн ах хөдөөнөөс ирээд “Урт цагаан”-ы хажууханд машиндаа хүн хүлээгээд жаахан уйдах маягтай сууж байв. Уулзах ёстой хүн ирж явна гээд бид хоёрыг цаг гаран хүлээлгэчихдэг юм байна. Тэгээд уйдсан хоёр чинь элдвийг ярьсаар сүүлдээ хүүхнүүдийн тухай яриа руу орчихгүй юу. Хажуугаар өнгөрсөн бүсгүйчүүдийг энэ нь тийм, тэр нь ч ийм гэж ярьсаар ах хүү яриан дундаа “Ер нь хүүхнүүд гэдэг чинь 30 хүрээд ирэхээрээ л боловсорч гүйцсэн жимс шиг болдог гэж байгаа шүү дээ Отгоо минь” гэдэг юм байна. Энэ үг их этгээд сонин мэдрэмж төрүүсэн. “Наад үгийг чинь оролцуулаад шүлэг биччих үү?” гэхэд Чи чадах уу? гэж байна. Тэгээд машинд бэлэн явдаг дэвтрээ шүүрч аваад:
Гуч хүрсэн бүсгүй гэдэг цаанаа нэг л эрхэмсэг
Гунхаж явахыг нь харахад дэндүү өөртөө итгэлтэй…
гээд эхний хоёр мөрийг бичсэн. Ах хүүг хүүхнүүдийн тухай элдвийг ярих зуур цаашаа урсаад явчихсан шүлэг дээ. Ер нь дуу болохдоо ч анхны хувилбараасаа нэг их засвар ороогүй. Хит дууны минь шүлгийг бичихэд санаа өгч онгод оруулсан нутгийн ахдаа баярлаж явдаг юмаа. Шүлэг маань цахим орчинд нэлээдгүй газар авч жил гаруй болсны дараа дуучин Шагай гайхалтай сайхан аялгуу хийж өөрөө дуулсан. Найзынхаа уйгагүй хөдөлмөрч зан, булгийн ус шиг ундарсан их авъяасыг биширч явдаг. Энэ дуу зөв орон зайгаа эзлэн, цаг үеэ олоод төрчихсөн бүтээл.
– Хэрэв би андуураагүй бол таны “Хөвсгөр бүсгүй” гэж дуу байдаг байхаа?
-Энэ дуу “Гуч хүрсэн бүсгүй” дуу гараад хит болчихсоны дараа бүтсэн дуу л даа. Санааг нь манай Шагай хэлсэн.”Махлаг бүсгүйчүүд турах гэж хамаг байдаг аргаа хэрэглэж байна. Хөвсгөр хүүхнүүдийнхээ тухай дуу хийе. Ер нь бондгор байх нь муу юм биш шүү дээ” гэж ярилцаад шүлгийг нь бичсэн. Хувь тохиолоор “Гурван бүдүүн” хамтлагийн Эрдэнээ маань аялгуу хийж Учка, Эрдэнээ хоёр дуулсан байдаг. “Бондгор бүсгүй” бичигдсэн ч яг дуулагдахдаа “Хөвсгөр бүсгүй” болж өөрчлөгдсөн. Хөвсгөр гэдэг нь жаахан орчин үелэг болж байгаа ухаантай. Энэ дуу гарснаар өөрсдийгөө таргалчихлаа гэж санаа зовдог бүсгүйчүүдийн сэтгэлийг өргөсөн гэж бодож байна. Бүсгүйчүүд бас залуучуудын сонсох дуртай дуу болсонд баяртай байна. Би энэ хоёр дуунаас өмнө “Гурван бүдүүн” хамтлагтай хамтарч “Бид нэг ангийнхан” гэж нэг ангийнхан гэж дуудагдах бүх хүмүүст зориулсан дуу хийж байсан. Ялангуяа өсвөр нас, оюутнуудын дуртай дуу болсонд сэтгэл хангалуун байдаг. Дууг минь дагаж дуулаад, уйлж байгаа нэг ангийнханыг зөндөө харсан. Гурван бүдүүн хамтлагыхантайгаа ингэж л “надад улаан нь ч байна цагаан нь ч байна” гэж “Төөрсөөр төрөлдөө” кинонд гардаг шиг нэгтэй нь нэг дуутай, хоёртой нь нэг дуутай, гуравтай нь нэг дуутай болсон. Цаашид бид олон сайхан уран бүтээл хийж хүргэнэ.
–Ихэнхи дуунууд чинь бүсгүйчүүдийн тухай байх юм. Бүсгүй хүний тухай яриач. Мөн ”Эхнэрүүдийн зөв” дууныхаа тухай?
-Би эхээс 8-уулаа. 5 эгчтэй, 2 ахтай айлын отгон. Төрөхөөсөө өдий хүртлээ эмэгтэй хүмүүс дунд явна. Намайг ухаан орох цагаас эгч нарын минь үерхэл, нөхөрлөл, хайр сэтгэл, хамаг амьдрал нүдэн дээр өрнөдөг байсан. Миний хайрт ижий оюунлаг эмэгтэй байсан юм. Эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэх, тэдний сэтгэл зүйн тухай маш их ярьж ойлгуулдаг байлаа. Тийм сайхан эмэгтэйчүүдийн хайран дунд хөлбөрч өссөн хүн чинь эмэгтэй хүнийг арай илүү мэдрэхээс өөр яах билээ.
“Эхнэрүүдийн зөв” дууг манай гурван бүдүүний Эрдэнээ аялгууг нь хийж “FLY” хамтлаг дуулсан. За даа тэгээд… /инээв/ шүлгийг нь нарийн ойлгож унших юм бол эхнэрүүдтэй нэг их шөргөөцөлдөөд дэмий шүү эрчүүд минь, наадуул чинь тийм “галзуу” хүмүүс гэдэг тиймэрхүү утга логиктой. Их сайхан цоглог дуу болсон. Манай залуус сайхан клип хийсэн байналээ. Удахгүй “Нөхрүүдийн зөв” гээд дуутай болж магадгүй. Шүлгийг нь бичээд өгчихсөн.
-Шинэ уран бүтээл юу хийж байна. Ямар бүсгүй төрүүлэх гэж байна даа?
-Саяхан дан дууны шүлгээс бүтсэн “Гуч хүрсэн бүсгүй” номоо өлгийдөн авлаа. Энэ номын өмнө “Навчис алтрах гуниг”, “Сэтгэлийн аялгуу цаглашгүй”, “Гүн цэнхэрлиг” гэж яруу найргийн гурван ном гаргаж байсан. Шагайтайгаа хамтраад “Дэрвэгэр сормууст”, “Хаврын бүсгүй” дуунуудаа олон түмэнд хүргэлээ. Мөн “Алтан гадас” одонт дуучин Т.Дэлгэрмөрөнтэй “Солонгон ааштай бүсгүй” нэртэй дуу гаргасан. Энэ дууны нэрээр нэрлэгдсэн хоолны контент нэвтрүүлэг гэргий нь хийдэг юм билээ.
Ингээд “Гуч хүрсэн Хаврын бүсгүй минь Дэрэвгэр сормуустай бас Солонгон ааштай” болсоон. /инээв/
Цаашид “Дэгжин бүсгүй” “Ихэмсэг бүсгүй” “Гэрэлтэх хайр” “Үзэсгэлэн гоо” гэх мэт шинэ дуунууд хийхээр төлөвлөж байна. Дуу бүтээнэ гэдэг амаргүй, дуунд тавилан гэдэг зүйл байдаг юм болов уу даа. Төрөх тавилантай бол бүгд дуу болох биз. Аялгуу хийгдээд дуулагдаагүй 4 жил болсон дуу ч байна. Бичээд 7 хоногийн дотор дуулагддаг дуу ч бий. Тэгэхээр тавилан гэж нэг юм байна аа.
-Дуу нь “хит” болоход ямар сэтгэгдэл төрдөг вэ? Ер нь “Од” болох гэдэг ойлголтын тухай юу гэж бодож явдаг вэ?
-Би ер нь их энгийн хүн шүү дээ. Дуу “хит” болсон гээд өөрийгөө “од” болгоод явах ёс зүйн хувьд нэг их таатай зүйл биш. Гэхдээ “энэ миний уран бүтээл” гэж хааяадаа хэлж ярьж байхгүй бол эзэнгүй юм шиг хандагчид олон болсоныг сүүлийн үед их ойлгож байгаа. Жишээлбэл: “Гуч хүрсэн бүсгүй” дууны минь шүлгийг үндсээр нь гуйвуулаад “Гуч хүрсэн залуу” болгож дуулаад нэг нөхөр бүр газар авсан. Зохиогчийн үндсэн эрхэд халдсан учир энэ дуундаа зохиогчийн эрхийн гэрчилгээ хүртэл авлаа. Уран бүтээл хийхэд мэдээж төвөгтэй зүйл их. Гэвч уран бүтээлч хүн зүгээр байж яахан чадах. Бүтээлүүд минь хүссэн хүсээгүй намайг бусдад төлөөлж байдаг.”Гуч хүрсэн бүсгүй” дуу эхлэхэд Шагай “Энэ бол миний зохиосон дуу” гэж хэлдэг. Уг нь бол аялгуу хийснээ л хэлээд байгаа болохоос биш зарим хүмүүсийн бодоод байгаа шиг миний шүлгийг булаачихсан хэрэг биш л дээ энэ мэт зөрүүтэй ойлгосон ойлголтууд олон. Дуунууд маань хөдөө орон нутаг, Өвөр Монгол, гадаадад суугаа Монголчуудад ихэд тархсан байналээ. Зун Завханы Тосонцэнгэлд очиход нутгийн нэг залуу миний дууг надад гайхуулан сонсгож л байлаа. Би “сайхан дуу байнаа” гэж инээгээд л өнгөрсөн. Намайг танихгүй байх тусмаа л надад амар, зүгээр санагддаг. Уран бүтээл, ялангуяа дууны уран бүтээл гэдэг олон түмэнд зориулагдсан байдаг тул олон хүнд хүрч байх нь чухал юм даа.
–Шүлэг найргаас нь бүтсэн дууны архиваа тоолж үзсэн үү?
-Нийтдээ 150 гаруй дууны шүлэг бичсэнээс дуу болсон нь 30 гаруй байна. Нийтийн дууны чиглэлээр нэлээд хэдэн дуутай. Би дууны шүлгийг захиалгаар бичсэн нь зөв юм гэж бодож байгаа. Дуучин, хөгжмийн зохиолчдоо ч дөхөм. Дан дууны шүлгүүдээрээ ном гаргачихсан учир дуу хийх хүсэлтэй хүмүүс тэр номноос аваад дуу хийгээд байх боломжтой болсон. Мөн ямар нэгэн сэдвээр дууны шүлэг захиалвал бичээд л өгнө. Дууны шүлэг бичих бас тийм амар ажил биш л дээ. Саяхан “Бөө мөргөлт Монгол эр хүн” гэдэг дууны шүлэг захиалгаар бичсэн. Миний хувьд энэ тухай ямар ч ойлголтгүй учраас бөө мөргөлийн талаар сар гаруй судалж байж бичсэн. Дууны шүлэг нарийн чимхлүүр ажил “минь дээ, минь ээ” гэж бичих хүртэл хоорондоо асар их ялгаатай юм шүү дээ.
-Та цахим ертөнцөд чамгүй олон дагагчтай. Магад таны мөн чанар болоод уран бүтээлийг илүүтэй мэдэрдэг хүмүүс дагадаг байх гэж ажигласан?
-Би “цахим судар” гээчтэй 4-5 жил зууралджээ. Нэг хэсэг хугацаанд зүйрлэж хэлэх юм бол “сугандаа хүртэл шигдчихээд хоёр гараа гозолзуулж” байсан цаг үе бий. Одоо бол харьцангуй өөрийгөө татаж авч чадсан. Идсэн уусныхаа зураг, эхнэр хүүхдийнхээ зургийг оруулаад байдаггүй. Аль болох уран бүтээлээ болон бусдад сэтгэлийн дэм болчих агуулгатай бичвэр, шүлгүүдээ оруулсаар ирсэн. Энэ нь хүмүүст их таалагддаг юм болов уу даа. Миний шүлгүүдийг уншаад сэтгэл сэргэлээ, урам авлаа гэсэн хүмүүс их байдаг. Би чадах юмаараа л хүнд туслахыг хичээдэг. Заримд нь утсаар залгаж хүртэл шүлэг уншиж өгч байсан. Хэтэрхий цахимжаад энгийн амьдралаа үгүйлдэг болоо юу даа гэж боддог. Хөдөө аргалын утаа үнэрлэж, адуу малтай зууралдаж өссөн болохоор энгийн эгэл амьдралын талаар илүү их бичихыг хичээдэг. Мөн намайг номонд дуртай болгож өсгөсөн ээжийнхээ сургаалаас их оруулдаг. Ээж минь одоогийн хэллэгээр ёстой л эрдэмтэн хүн байсан даа. Уран бүтээлийн нөлөө миний мөн чанар нөлөөлөлгүй яахав. Би чинь нэг тийм бүх зүйлийг өөрийнхөөрөө дүгнэчихдэг этгээд араншинтай. Хүн төрөөд үхэхийн хооронд нэг их юм хэрэггүй юм шүү дээ гэх мэт минималист сэтгэлгээтэй. Энэ бүхэн цахим орчинд хүмүүст таалагддаг байхаа. Өчүүхэн миний “аяга хоолны философи”-д дурлан дэмждэг бүгдэд баярлалаа.
–Бүсгүй хүнийг бишгүй л магтан дуу бичжээ. Харин эрчүүдэд зориулж дуу гаргавал ямар өнгө аястай бичих бол?
Гүндүүгүй сайхан хөдөөний эрчүүдийнхээ тухай дуу хийнэ гэж боддог. Одоохондоо шүлгийг нь бичээгүй л байна. Бодож явтал нэг л өдөр ийм сэдэвтэй шүлэг урсаад л ороод ирнэ гэдэгт эргэлздэггүй. Тэр үед сайхан эрчүүдийн тухай дуутай болох байхаа. Эр хүний нандин зан чанарыг илүү олж харахыг хичээнэ. Тийм найзууд минь ч байна. Тэднийгээ төсөөлж байгаад л бичнэ дээ.
-Таны дотор бодогддог бодлоос хуваалцан яриагаа өндөрлөе?
-Байна аа байна. Сүүлийн үед улс орныхоо ирээдүйн тухай маш их сэтгэл зовниж байна. Монгол хүн Монгол хүнээ гэхгүй байхад яалаа гэж гадныхан бидэнд туслахав. Бид нэг нэгэндээ ямар их харгис болоо вэ? Үүнд л харамсаж эмзэглэж явдаг. Авилгалд идэгдэж, архинд живж, аллага үйлдэж нийгмийн хамгийн доод түвшны үйлдэлүүдийг ямар ч сэтгэл нь эмзэглэсэн зүйлгүй хийдэг болсон нь хамгийн аймшигтай. Энэ байдлаас гарахын тулд бид бие биенээ гэсэн сэтгэлтэй л байх ёстой. Биднийг биднээс өөр хэн ч аврахгүй. Ёс зүй, ёс суртахуун байж гэмээнэ шударга ёс тогтох учиртай. Зохиолч яруу найрагчид бид нийгэмд хийх ёстой юмаа хийсээр л яваа. Хүн бүхэн дор бүрнээ хичээе л гэж хэлмээр байна.
Ярилцсан: Б.Энхмаа