Б.Пүрэвдагва: Туулын хурдны замын төсөлд өөрчлөлт орж, экосистемд халдахгүй

2026-08-22 12:001min
20260822-120025-file.jpeg
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Туулын хурдны замын төсөлд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж, экосистемд халдахгүй гэдгээ илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Туулын хурдны зам гэсэн ойлголт одоо байхгүй болсон гэж мэдэгдлээ.

Тэрбээр Туул гол нь хотын экосистемийн хамгийн чухал хэсэг болохыг онцлон, хотын даргын хувьд экосистемд ямар нэгэн байдлаар халдахгүй гэдгээ илэрхийлэв.

Б.Пүрэвдагва “Туул голыг дагасан байгалийн эсрэг үйлдэл хийхгүй гэдгээ ард иргэдэд албан ёсоор мэдэгдье” гэж хэлсэн байна.

Тэрбээр трасс өөрчлөх нь замын маршрут, чиг шугамыг өөрчлөх гэсэн үг бөгөөд одоогоор гэрээний эрх зүйн асуудлаар China Highway компанитай хэлэлцээ хийж байгаа гэдгийг тайлбарлав.

Нийслэл хотын захиалагч болон гүйцэтгэгч компанийн эрх ашгийг харгалзан үзэж, төлөвлөгдсөн төсвийг үр ашигтай ашиглах, түгжрэлийг бууруулах боломжтой өөр замуудыг судалж байна.

Иймд хуучин трассаар хурдны замыг барихгүй бөгөөд экосистемд халдахгүйгээр шинэ маршрут гаргахаар төлөвлөж байгааг хотын дарга онцоллоо.