Хичээл эхлэхээс өмнө багш, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахыг үүрэг болголоо

Боловсролын ерөнхий газраас хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө багш, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт шуурхай хамруулах удирдамжийг гаргалаа. Энэ нь Боловсрол, Эрүүл мэндийн сайдын А/238, А/340 дугаар тушаалын дагуу хэрэгжиж байна.
Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, үндсэн болон туслах багш, тогооч, гал тогооны туслах ажилтан, нярав, дотуур байрны багш, бусад ажилтнуудыг залгиурын арчдас, хеликобактери, шимэгч хорхойн шинжилгээнд хамруулж, арьсны халдварт өвчин, бамбайн даавар, сүрьеэгийн рентген, биеийн ерөнхий үзлэгт оруулах үүрэг өгсөн байна.
Мөн нэмэлтээр дууны хөвчийн дурангийн оношилгоо, мэдрэл, нүд, чих, хамар, хоолой, эмэгтэйчүүдийн үзлэг, үе мөч, хавдрын маркер зэрэг 22 төрлийн шинжилгээнд хамрагдах боломжтой.
Сургалтын байгууллагуудыг харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн эмнэлэг, лабораторитой хамтран энэ сарын 25-наас өмнө багш, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахыг анхаарууллаа.
