Өмнөговьд Усны судалгааны тасаг байгууллаа

2026-08-17 15:011min
20260817-150109-file.jpeg
Өмнөговь аймагт усны нөөц, чанарыг судлах, хяналт тавих зорилгоор Усны судалгааны тасаг байгуулагдаж, зөөврийн багаж хэрэгслээр хангагдлаа.

Өмнөговь аймагт усны нөөцийн хомсдол, чанарын асуудлыг судлах, хяналт, мониторинг хийх зорилгоор Байгаль орчны газрын харьяанд Усны судалгааны тасаг байгуулжээ. Тус тасаг нь Алтайн өвөр говийн сав газрын захиргаатай хамтран ундны болон бэлчээрийн усны чанар, найрлагад байнгын хяналт тавьж, гүний усны нөөцийн өөрчлөлт болон уул уурхайн компаниудын усны хэрэглээг судалж, тогтмол мониторинг хийх үүрэгтэй ажиллана.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Усны судалгааны тасгийн үйл ажиллагааг дэмжиж, усны чанар хэмжих зөөврийн багаж хэрэгсэл болон шаардлагатай төхөөрөмжөөр хангажээ. Ингэснээр орон нутгийн лабораторид дээж илгээж хугацаа алдахгүйгээр усны чанар, найрлагыг шуурхай шинжлэх, сумдад дуудлагаар ажиллаж анхдагч мэдээллийг цаг алдалгүй гаргах боломжтой болсон байна.