Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьтай үргэлжилж байна

2026-08-11 09:001min
20260811-090033-file.jpeg
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, 2028 онд ашиглалтад оруулах зорилт тавьжээ. Түүхий эдийн хангамж, санхүүгийн дэмжлэг, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шаардлагыг онцолж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Ерөнхий сайд төслийн талбайд ажиллаж, үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулах зорилтын хүрээнд тулгамдсан асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэх үүднээс дэргэдээ ажлын хэсэг байгуулан ажиллахаа мэдэгдлээ.

Үйлдвэрийн хувьд ашиглалтад орох үед түүхий эдийн хангамжийн асуудал хамгийн чухал тулгамдсан асуудал болж байна. Тус үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломжтой юм. Гэвч сүүлийн жилүүдэд газрын тосны олборлолт буурч байгаа тул хайгуулыг эрчимжүүлж, олборлолтыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах шаардлагатайг онцлов.

Мөн компаниудын санхүүгийн дарамтыг бууруулах, аж үйлдвэрийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, эрчим хүчний найдвартай, тасралтгүй эх үүсвэрээр хангах шаардлагатайг тэмдэглэв. Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах нарийн мэргэжлийн туршлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд Засгийн газраас анхаарал хандуулахыг санал болголоо.