Монгол сурагчид Олон улсын хиймэл оюуны олимпиадаас хос хүрэл медаль хүртэв

2026-08-11 08:001min
20260811-080026-file.jpeg
Казахстаны Астана хотод болсон Олон улсын хиймэл оюуны III олимпиадад Монголын дөрвөн сурагч оролцож, хоёр нь ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртлээ. Олимпиад нь практик хиймэл оюуны даалгавруудыг голлон гүйцэтгэдэг.

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод энэ сарын 2-8-нд зохион байгуулагдсан Олон улсын хиймэл оюуны III олимпиад (IOAI 2026)-д Монголын сурагчид амжилттай оролцож, хос хүрэл медаль хүртлээ.

“Хобби” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ү.Эрхэс болон “Амжилт кибер” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар ганцаарчилсан төрөлд хүрэл медалийн эзэн болсон байна.

Энэ удаагийн олимпиадад 100 гаруй улсын 470 орчим шилдэг сурагч оролцож, оюун ухаан, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас дөрвөн сурагч оролцсон байна.

Ганцаарчилсан ангилалд оролцогчид машин болон гүн сургалт, хиймэл оюуны нарийн төвөгтэй бодлого бодож өрсөлдсөн бол багийн төрөлд хүн дүрст робот (GALBOT)-ыг программчлан ухаанаа сорьжээ.

IOAI олимпиад нь уламжлалт олимпиадуудаас ялгаатай нь зөвхөн математик болон онолын кодчиллын мэдлэг шаарддаггүй бөгөөд бодит амьдралын өгөгдөлд тохирсон хиймэл оюуны загвар сургах, алгоритм боловсруулах зэрэг практик даалгавруудыг голлон гүйцэтгэдэг.

Багийн шатанд оролцогчид хүн дүрст роботыг хиймэл оюуны загвараар удирдан, орчинтой харилцах болон даалгавар биелүүлэх программчлалыг бодит цагийн горимд гүйцэтгэдэг.

Олимпиадын даалгаврууд нь машин болон гүн сургалтын хамгийн сүүлийн үеийн архитектур, нейрон сүлжээний шийдлүүдийг хамардаг тул сурагчдад практик туршлага хуримтлуулах боломж олгодог байна.