Монгол Улсад шатахууны хомсдлын эрсдэл ба Оросын нийлүүлэлт

Украины дронууд Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтлэн, өчигдөр Москва хотын зүүн өмнөд хэсэгт байрлах газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгч, дэлбэлсэн байна. Энэ үйл явдалтай холбогдуулан Монгол Улсад шатахууны хомсдол үүсэх эрсдэл байгаа эсэх талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа.
Сайд Г.Дамдинням “Ангарскийн үйлдвэрт дэлбэрэлт болсон гэх мэдээлэл одоогоор бидэнд ирээгүй байна. Манай улс шатахууны нийт хэрэглээнийхээ 97 хувийг ОХУ-аас авдаг. Одоогийн байдлаар бид өөрсдийн эзэмшиж буй агуулах, савны багтаамжийн хэмжээнд хангалттай шатахууны нөөц бүрдүүлсэн тул иргэд сандарч, тэвдэх шаардлагагүй” гэж мэдэгдэв.
Тэрбээр мөн “Ормузын хоолойтой холбоотой дэлхийн зах зээлийн нөхцөл байдал болон манай хойд хөршийн дайны үеийн нөхцөлөөс шалтгаалан шатахууны нийлүүлэлтийг тогтвортой хадгалах нь хүнд байгаа ч олон жилийн хамтын ажиллагаа, найрсаг хөршийн харилцааны үр дүнд ОХУ манай улсад шатахууныг тасралтгүй нийлүүлж ирсэн” гэв.
Дизель түлшний хувьд дөрөвдүгээр сард нөхцөл байдал хүндрэлтэй байсан ч одоо бид ОХУ-ын дотоодын үнээр дизель түлшээ авч, нийлүүлэлт тогтворжсон байна. АИ-92 шатахууны хувьд ч ОХУ-ын дотоодын үнээс хоёр дахин хямд үнээр авч байгаа боловч ойрын хугацаанд үнийн асуудал үүсэж магадгүйг сайд онцлов. Одоогоор ОХУ-ын талтай холбоо барьж, нөхцөл байдлыг тодруулж байгаа бөгөөд 2028 он гэхэд гурван сарын хэрэглээг хангах хэмжээний нөөц бүрдүүлэх савтай болохоор ажиллаж байна” гэж мэдээллээ.
