Нийслэлийн хоёр авто замын төсөл энэ онд хэрэгжихгүй боллоо

Энэ онд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик хүртэл 12.55 километр урт, хоёр эгнээ бүхий 7 метр өргөн авто зам барих тендерийг өнгөрсөн сард зарласан байна.
Мөн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэхээр төсөв батлагдсан юм.
Гэсэн хэдий ч Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр эдгээр хоёр чиглэлийн авто замын ажлыг энэ онд гүйцэтгэхгүй болсон байна.
Тодруулбал, Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх болон Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх авто замын тендерт гомдол гарснаас шалтгаалан Сангийн Яамнаас энэ жил гэрээ байгуулахгүй байх шийдвэр ирүүлсэн бөгөөд ирэх жил дахин тендер зарлах юм байна.
Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто зам болон гүүрийг барих төсөв ₮64.9 тэрбум, харин Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн төсөв ₮8.2 тэрбум төгрөгөөр тооцогдсон байна.
