Хэнтийд улсын тусгай хамгаалалттай газраас хууль бусаар алт олборлосон хэрэг илэрчээ

Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Гутайн даваа-Хөмүүл голын эх орчимд байрлах улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газраас хууль бусаар алт олборлох үйлдэл гарсан байна.
Экологийн цагдаагийн албаны алба хаагчид улсын тусгай хамгаалалттай газраас олборлосон, алтны өндөр агууламжтай 610 кг чулууг Улаанбаатар хот руу хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Одоогоор холбогдох тээврийн хэрэгслийг битүүмжлэн саатуулаад байгаа бөгөөд хууль бус үйлдлийг нарийвчлан шалгах мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна.
Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд буруутай этгээдэд торгуулийн ял, зорчих эрхийн хязгаарлалт эсвэл хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай юм.
