Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ эхэллээ

Иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмэнд чанарын шинжилгээ өнөөдрөөс эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт чиглэл өгч, шинжилгээг “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д хийхээр боллоо.
Өчигдөр нээлтээ хийсэн тус лабораторид 224 багаж, тоног төхөөрөмжөөр химийн болон микробиологийн 27 үзүүлэлтээр үнэлгээ хийх бөгөөд олон улсын найман фармакопейн 119 монографи, ерөнхий өгүүлэлд заасан аргачлалын дагуу шинжилгээ хийнэ.
Эхний шатанд 27 нэр төрлийн 56 эмийн дээжийг шинжилгээнд хамруулж, нэг сарын хугацаанд хариуг гаргана. Үндсэн шинжилгээний дүнд эмийн чанар, аюулгүй байдлыг үнэлж, стандартад нийцэж байгаа эсэхийг тогтоох юм.
Энэхүү арга хэмжээ нь эмийн чанарын хяналтыг сайжруулж, иргэдийг олон улсын стандарт шаардлагад нийцсэн баталгаатай эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Цаашид дотоодод үйлдвэрлэсэн болон импортын эмийг зах зээлээс түүвэрлэн тус лабораторид шинжилгээнд хамруулах төлөвлөгөөтэй байна.
