Оюу толгой үйлдвэрийн баяжмалын экспортын цуваа хэвийн явж эхэллээ

Оюу толгой үйлдвэрийн баяжмалын экспортын цуваа хэвийн явж эхэлсэн талаар тус үйлдвэрийн зүгээс мэдээллээ.
Өчигдөр өглөөний 09:00 цаг орчимд “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн” нэртэй иргэд Оюутолгойн уурхайгаас зэсийн баяжмал тээвэрлэдэг замыг хааж, экспортын үйл ажиллагаа түр зогссон юм.
Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын хувь хэмжээ өндөр бөгөөд нийт эдийн засгийн эргэлтийн 3 төгрөг тутмын 1 нь энэ салбараас орж ирдэг байна. Оюу толгой үйлдвэр өдөр бүр дунджаар 23 тэрбум төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шууд болон дам нөлөөгөөр эдийн засгийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг гэж үйлдвэрийн зүгээс онцоллоо.
Хэрэв баяжмалын тээвэрлэлтийн хуваарь зогсож, экспорт тасалдвал нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, үүнээс 21 тэрбум төгрөгийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тасалдах эрсдэл үүсэх байжээ.
