Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж байна

Гар, хөл, амны өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үеэс дөрөв дахин нэмэгдсэн байна. Энэ өвчин нь энтеровирусээр үүсгэгдэж, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.
Халдвар бохир гар, өтгөн-амны замаар, шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр, вирусээр бохирлогдсон тоглоом, аяга, халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр, мөн ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар дамждаг.
Илрэх шинж тэмдэгт халуурах, хоолой өвдөх, хоолонд дургүй болох, амны хөндий, хэл, буйл, завьж орчимд өвдөлттэй шарх, тууралт гарах, гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарах, бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох багтана. Зарим хүүхдэд гүйлгэх шинж тэмдэг илэрч болно.
Өвчний нууц үе ихэвчлэн 3-6 хоног үргэлжилдэг бөгөөд эхний 7 хоногт халдвар тараах эрсдэл өндөр байдаг. Вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэвэр маш чухал юм.
Халууралт 2 ба түүнээс дээш хоног үргэлжлэх, хүүхэд шингэн ууж чадахгүй болох, ам хуурайших, шээс цөөрөх, уйлахад нулимс гарахгүй байх, олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх, унтаарах, сулрах, сэрэхдээ муудах, амьсгаадах, татах, хүзүү хөших, тууралт идээлэх, шархлах, улайж хавдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай.
Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай бөгөөд 7-10 хоногт эдгэрдэг. Гэхдээ бага насны хүүхэд, шингэн ууж чадахгүй байгаа хүүхэд, өндөр халуунтай хүүхдийг эмчийн хяналтад байлгах хэрэгтэй.
Гэрийн нөхцөлд хүүхдийн гарыг савандаж тогтмол угаах, ус, шингэн зүйлийг бага багаар ойр ойрхон уулгах, бантан, зутан, шөл зэрэг зөөлөн, бүлээн хоол өгөх, хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй зүйл, халуун ногоотой болон давс ихтэй хоол өгөхгүй байх, хөвөн даавуун зөөлөн хувцас өмсгөх, хүүхдийг цэвэр байлгаж тууралтыг үрж цочроохгүй байх, өрхийн эмчээс зөвлөгөө авч шаардлагатай үед үзүүлэх хэрэгтэй.
Халуун бууруулах, өвдөлт намдаах эм болон тууралтад түрхэх бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай.
Урьдчилан сэргийлэхэд гараа савандаж сайтар угаах, хүүхдийн тоглоомыг тогтмол угааж цэвэрлэх, хаалганы бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх, аяга, халбага, алчуур, угж, тоглоомыг бусадтай хуваалцахгүй байх, өрөө тасалгааг тогтмол агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, түүхий ус уухгүй баталгаатай ус хэрэглэх, өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй гэрт нь асарч бусдаас тусгаарлахыг зөвлөж байна.
