Эмнэлгийн авто зогсоолыг эмнэлгээр үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй болгоно

Улаанбаатар хотод автомашины зогсоолын хүрэлцээ муу байгаа тул Эрүүл мэндийн яамнаас харьяа төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийслэлийн эмнэлгүүдийн авто зогсоолыг эмнэлгээр үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Эмнэлгийн зогсоолыг нээлттэй орхих нь ойролцоох орон сууцны оршин суугчдын автомашин тавихад нөлөөлж, эмнэлэгт яаралтай үзүүлэх шаардлагатай иргэдэд зогсоол олдохгүй байх нөхцөл үүсдэг байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр судалж байгаа бөгөөд уг системээр автомашины улсын дугаарыг бүртгэж, гарахдаа эмнэлэгт үзүүлсэн баримтыг уншуулснаар төлбөрөөс чөлөөлөх зохицуулалт хийгдэх юм.
Мөн эхний 2-3 цагийн турш үнэ төлбөргүй ашиглах тодорхой хугацааг тогтоох талаар ойрын үед зохицуулалт хийхээр төлөвлөж байна гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэв.
