Нийслэл 21 хоногийн тохижилт, цэвэрлэгээний арга хэмжээ зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн есдүгээр хуралдаан Баасан гарагт болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийтийн эдэлбэр газрын хэмжээ, хил заагийг тогтоох зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн байна.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлыг шинэчлэн батлах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын дүрэм, орон тооны хязгаарыг батлах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва бродюрын асуудлыг яаралтай шалгаж танилцуулах, хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ажлыг хувийн хэвшилд танилцуулах үүрэг даалгавар өгсөн байна.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайн засвар шинэчлэл, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Есөн дүүргийн Засаг дарга нарыг дүүргийн гудамж, талбайд цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд иргэдтэй хамтран ажиллахыг үүрэг болгосон байна.
Мөн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит байгууллагуудын жагсаалт, мэдээллийг гаргаж, татварын мөнгөөр үнэтэй оффис түрээслэх, нийслэлийн өмчийг үнэгүйдүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг хотын дарга онцолсон юм.
