Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-06-07 11:001min
20260607-110032-file.jpeg
Улаанбаатар болон зарим нутгаар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, салхи түр зуур ширүүснэ. Цаг агаарын төлөв 12-ныг хүртэл бороотой, зарим нутгаар нойтон цас орно.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метрийн хурдтай салхи шуургана. Борооны өмнө түр зуур салхи ширүүсэх төлөвтэй байна.

Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эхийн голын Баянбүрд орчмоор +26…+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орох бөгөөд салхи баруун хойноос секундэд 6-11 метрийн хурдтай, борооны өмнө түр зуур ширүүснэ. Температур +16…+18 градус дулаан байна.

Багануур орчмоор үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, салхи баруун хойноос секундэд 7-12 метрийн хурдтай, борооны өмнө түр зуур ширүүснэ. Температур +15…+17 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метрийн хурдтай, борооны өмнө түр зуур ширүүснэ. Температур +13…+15 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар хотод агаарын температур +4 градус, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэ сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвт 7, 8-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байх бөгөөд 8-нд төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 10-11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.