Сонгинохайрханд мотоциклын ослоор нэг хүн нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны орчимд мотоцикл осолдож, нэг хүн нас барсан хэрэг гарлаа.
2026 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 13:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 22-ын товчооны постыг өнгөрөөд мотоцикльтой хүн онхолдсон тухай дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Шалгалтын явцад Баруун турууны даваа гэх газарт мотоцикль жолоодож явсан эрэгтэй хүн авто замын зорчих хэсгийн төмөр хашлага мөргөж нас барсан болох нь тогтоогдсон байна.
Тухайн өдөр “Талын салхи 2026” мото наадам эхэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй 3,800 орчим хүн оролцож байгаа талаар Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас ослын улмаас амиа алдсан иргэн тус наадмын оролцогч байсан эсэхийг шалгаж байгаа гэдгийг мэдэгдлээ.
