ТОСК-ийн нэрийг ашигласан залилангаас сэрэмжлүүлэв

2026-06-03 10:001min
20260603-100034-file.jpeg
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн нэрийг ашиглан иргэдийг орон сууцанд хамруулна гэх мэт худал мэдээлэл тарааж байгааг анхаарууллаа. Одоогоор бүртгэл эхэлсэн төсөл, хөтөлбөр байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэв.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн нэрийг ашиглан орон сууцанд хамруулна, байр захиалгаар олгоно, бүртгэлд оруулна гэх мэт худал мэдээлэл тарааж, иргэдийг залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байгааг тус байгууллагаас анхаарууллаа.

Тус корпораци нь төрөөс хэрэгжүүлж буй зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах бодлогыг хууль тогтоомж, холбогдох журмын дагуу хэрэгжүүлдэг бөгөөд төсөл, хөтөлбөрүүдэд сонгон шалгаруулалтгүйгээр хамрагдах боломжгүй гэдгийг онцолсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-ын 1.4-т төрийн өмчийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл болон сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд сул орон сууц гарсан тохиолдолд журмын дагуу сонгон шалгаруулалт явуулахыг заасан байдаг.

Одоогоор иргэдийн бүртгэл эхэлсэн ямар нэгэн төсөл, хөтөлбөр байхгүй болохыг корпораци албан ёсоор мэдэгдлээ.

Хэрэгжиж буй төслүүдийн дунд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд баригдаж буй “Ногоон нуур-1008” төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж, одоогоор барилга байгууламжийг хүлээн авах шатандаа явж байна.

Мөн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж буй “Солонго-1” болон “Солонго-2” төслүүд одоогоор ашиглалтад ороогүй байна.

Эдгээр төслүүдийн орон сууц ашиглалтад бүрэн орж, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг корпорацийн албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх юм.