Олон улсын шалгалтын оноог Элсэлтийн Шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийн хугацаа дуусна

Боловсролын Үнэлгээний Төвөөс олон улсын шалгалтын оноог Элсэлтийн Шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг хүлээн авах хугацаа 2026 оны зургаадугаар сарын 3-ны 18:00 цагт дуусахыг анхаарууллаа.
Кембрижийн AS, A, IB (International Baccalaureate), TOEFL/IBT, PTE, IELTS, SAT зэрэг олон улсын шалгалтын оноог Элсэлтийн Шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх боломжтой юм.
Оюутан, суралцагчид хүсэлт гаргахдаа www.eec.mn сайтад нэвтэрч “Элсэлтийн шалгалт” цэсний “ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭ ДҮЙЦҮҮЛЭХ” хэсгийг сонгон, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан холбогдох мэдээлэл, материалыг цахимаар илгээх шаардлагатай.
Хүсэлт гаргахад дараах баримтуудыг бүрдүүлэх ёстой: үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт, төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар, үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт (өмнөх оны төгсөгчдийн хувьд), мөн 12 дугаар ангийн сурагчдын хувьд сурч буй сургуулийн тодорхойлолт.
Боловсролын Үнэлгээний Төв хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэр гаргана. Хариуг www.eec.mn сайтад “Элсэлтийн шалгалт” цэсний “Олон улсын үнэлгээ дүйцүүлэх” хэсэгт бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч эсвэл https://eyesh.eec.mn/ цахим хаягаар регистрийн дугаараа ашиглан “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” цэсээр харж болно.
