Э.Батшугар: Хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

2026-06-02 20:011min
20260602-200132-file.jpeg
Эрүүл мэндийн даатгалын хамралт 2025 онд 94 хувьтай болж, орлого зарлагын гүйцэтгэл 93.3 хувьтай байв. Цаашид хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2026 оны 6 дугаар сарын 2-ны хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагаа, орлого зарлагын гүйцэтгэл, ЭМДС-гаас санхүүжүүлсэн тусламж үйлчилгээний үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.

ЭМДҮЗ-ийн дарга, Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэдээлснээр, 2025 онд Эрүүл мэндийн даатгалд 3 сая 283 мянган хүн хамрагдаж, хамралт нийт 94 хувьд хүрсэн байна. Үүнд аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсад 793 мянга, малчид 37 мянга, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 95.5 мянга, их, дээд сургууль болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчид 54.5 мянга, төрөөс хариуцдаг иргэд 2.3 сая, гадаадын иргэд 900 орчим хүн багтжээ.

2025 онд даатгуулагчдын тоо өмнөх оноос аж ахуйн нэгжид ажиллагсад 22.6 мянгаар нэмэгдсэн бол хувиараа хөдөлмөр эрхлэгчид 22.7 мянгаар, малчдын хамрагдалт 13.8 мянгаар буурсан байна. Төрөөс хариуцдаг даатгуулагчдын тоо 0.5 хувиар өссөн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 2025 онд 2.4 их наяд төгрөгөөр төлөвлөсөн ч 2.3 их наяд төгрөг төвлөрч, гүйцэтгэл нь 93.3 хувьтай байв. Орлогын эх үүсвэрт ажил олгогчийн шимтгэл 42.5 хувь, төрийн тусламж үйлчилгээний санхүүжилт 40.1 хувь, төрөөс санхүүжүүлдэг иргэдийн улсын төсвөөс оруулах зардал 15.3 хувь, бусад эх үүсвэр 1.9 хувь эзэлж байна.

Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр баталж, үүнээс 91.8 хувийг эмнэлгийн тусламж үйлчилгээ, 7.6 хувийг эмийн үнийн хөнгөлөлтөд, 0.6 хувийг бусад үйл ажиллагаанд зарцуулжээ. Мөн 2024 оны 316.3 тэрбум төгрөгийн өглөгийг 2025 оны төсвөөс бүрэн олгосон байна.

Цаашид хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж, иргэдэд нэн шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.