Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-06-01 15:031min
20260601-150303-file.jpeg
Зургаадугаар сард агаарын дундаж температур нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр бага, зүүн өмнөд хэсгээр ахиу орох төлөвтэй байна.

Зургаадугаар сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутгаар 6–12°С, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20–24°С, бусад нутгаар 13–19°С дулаан байна.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 60–70 мм, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм ордог.

Баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увсын баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджаар орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсэж, олон жилийн дунджаас 3–5°С-аар хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С-аар хүйтэн байх бол нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С-аар дулаан байна.

Хур тунадас хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджаар байна. Хур тунадас нийт нутгаар дунджаар орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3–5°С-аар хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1–2°С-аар сэрүүн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С-аар дулаан байна.

Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд бага зэрэг орж, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджаар байна. Хур тунадас Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджаар орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, ялангуяа дунд үеэр олон жилийн дунджаас 3–5°С-аар хүйтэн байна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй.

Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджаар орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсэж, олон жилийн дунджаас 2–5°С-аар хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С-аар сэрүүн байна.

Харин хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1–3°С-аар дулаан өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай байна.

Энэ сард агаарын дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дулаан байна. Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан өдрүүд зонхилох тул хуурайшилт нэмэгдэх магадлалтай байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал нэмэгдэх тул үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.