Баян-Өлгийд малын халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэмийг чангатгав

Баян-Өлгий аймгийн Алтай сум болон Өлгий сумын дөрвөн багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсан тул аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Хорио цээрийн дэглэм 2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг чангатгахаар шийдвэрлэжээ. Алтай сум болон Өлгий хотын орчимд малын халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа юм.
Алтай суманд өвчилсөн малын тоо 90-д хүрсэн бөгөөд Курбан айтын баярт зориулан оруулж ирсэн үхрүүдээс зургаа нь халдварт өвчний шинж тэмдэгтэй байна. Үүнтэй холбогдуулан сумдын орох, гарах хөдөлгөөнд бүрэн хязгаарлалт тогтоож, аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хатуу хяналтад авна.
Шийдвэрийн дагуу Алтай, Өлгий, Бугат сумын төвийн 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөний хязгаарлалт тогтоож, хяналтын постууд 24 цагийн турш ажиллана. Малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавьж, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэх юм.
Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар хориглож, малын мах бэлтгэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсооно. Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб болон мэргэжлийн байгууллагууд халдварын тархалтыг хумих, голомтыг хязгаарлах чиглэлээр нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.
Мэргэжлийн байгууллагууд иргэдийг тайван байх, зөвхөн албан ёсны мэдээлэлд итгэх, хорио цээр болон өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг чанд мөрдөхийг анхааруулж байна.
