Ерөнхий сайд Н.Учрал махны экспортыг зогсоохгүй, үнийг захиргааны аргаар барихгүй гэв

2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган суманд Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт боллоо. Уулзалтад Булган, Хөвсгөл, Орхон аймгийн малчид, малын эмч, тариаланчид, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, сум, багийн удирдлагууд оролцож, орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг хэлэлцэв.
Ерөнхий сайд Н.Учрал уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зорилт, үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Засгийн газар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт онцгой анхаарч, Чөлөөлөлтийн бодлогыг дэмжин ажиллаж байгааг дурдав.
Мөн малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг өргөжүүлж, үнэ цэн, өртөг ашиг нэмсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхээр зорьж байгааг мэдэгдэв. Түүнчлэн махны экспортыг зогсоохгүй бөгөөд үнийг захиргааны аргаар тогтоохгүй гэдгийг тодорхой хэллээ.
