Улсын Дээд шүүх М.М-ийн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ

2026-05-22 11:001min
20260522-110039-file.jpeg
Улсын Дээд шүүх М.М-ийн цэргийн дүрмийн бус харьцаж, хүч хэрэглэсэн, гэрч, хохирогчдыг худал мэдүүлэг өгөхийг ятгасан гэмт хэргийг нотолсон ч амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хилийн цэргийн нэгэн дугаар ангийн нэгэн дугаар салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байсан М.М-д холбогдох хэргийг Улсын Дээд шүүх өчигдөр хянан хэлэлцлээ.

М.М нь албан тушаалаа ашиглан, эрхшээлдээ байсан хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С-г 2022 оны 7 дугаар сард зодож, айлган сүрдүүлсэн байна. Үүний улмаас байлдагч Б.С нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр малын суурийн үхрийг хайж явах үедээ амиа хорлосон хэрэг гарчээ.

Түүнчлэн М.М нь хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нартай цэргийн дүрмийн бус харьцаж, зодсон үйлдэл гаргасан байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татагдсан үедээ хохирогч Л.Б, Б.Б, П.Ч болон гэрч Б.Ж нарыг мэдүүлгээ өөрчлөх, худал мэдүүлэг өгөхийг ятгасан, хүсэлт бичүүлж авсан баримтууд тогтоогджээ.

Прокурор яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч М.М-г албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодож, айлган сүрдүүлсэн, цэргийн дүрмийн бус харьцсан, гэрч, хохирогчдод худал мэдүүлэг өгөхийг ятгасан гэмт хэрэгт буруутай гэж үзэн таван жил хорих ял, нэг жил зорчих эрх хязгаарлах ял оноожээ.

Хил хамгаалах ерөнхий газраас 7.1 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн шинжийг тогтоохын тулд хүчирхийлэл, доромжлол, тамлан зовоох, айлган сүрдүүлэх үйлдэл давтамжтай байх ёстойг онцолсон боловч прокурор, анхан шатны шүүхийн үзсэнээр М.М-ийн үйлдэл нь хохирогч Б.С-г амиа хорлоход шууд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Улсын Дээд шүүх уг хэргийг дахин хэлэлцээд М.М нь байлдагч нартай цэргийн дүрмийн бус харьцаж, хүч хэрэглэсэн, гэрч, хохирогч нарыг худал мэдүүлэг өгөхийг ятгасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэв.

Гэвч албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодож, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт холбогдох хэсгийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дэмжиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.