Н.Нандинхүсэл АНУ-ын D1 лигийн тэтгэлэгтэй анхны Монгол эмэгтэй тамирчин болов

3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын эмэгтэй багийн хамгийн залуу гишүүн Н.Нандинхүсэл өнгөрсөн жилээс АНУ-ын оюутны лигт тоглож эхэлсэн.
Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл NCAAW буюу оюутны эмэгтэй сагсан бөмбөгийн лигийн D1 тэтгэлэгтэй анхны эмэгтэй тамирчин болжээ.
“Tennessee State” их сургуулийн эмэгтэй баг түүнийг эгнээндээ элсүүлснээ албан ёсоор зарласан байна.
Ингэснээр тэр АНУ-д D1-ийн багаас тэтгэлэг авсан Монголын хоёр дахь, анхны эмэгтэй тамирчин болж байгаа бөгөөд өмнө нь Ш.Энхийн-Од ийнхүү тэтгэлэгтэй суралцаж, энэ жил төгсөх гэж байна.
19 настай Н.Нандинхүсэл өнгөрсөн жил D II-ийн “Florida Tech Panthers” багт 17 тоглолтод оролцож, 13 тоглолтод гараанд гарч нийт 197 оноо авсан бөгөөд арваннэгдүгээр сард нэг тоглолтод 28 оноо авсан нь түүний оргил үзүүлэлт байв.
“Tennessee State Lady Tigers” баг 1977 оноос хойш оюутны лигт оролцож, хасагдах шатанд 1994, 1995, 2015 онд гурван удаа шалгарч байжээ.
Одоогоор тус багийн ахлах дасгалжуулагчаар WNBA-гийн аварга, бүх оддын тоглолтод долоон удаа оролцсон Кэндис Дюпри хоёр дахь улиралдаа ажиллаж байна.
