Дархан-Уулд устгасан нохойг мод тарих нүхэнд булсан туршилт явагдаж байна

Дархан-Уул аймагт суулгац тарих нүхэнд устгасан нохойг булсан тухай дүрс бичлэг энэ сарын 19-ний өдөр цахим орчинд тарж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулжээ.
Аймгийн Тохижилт үйлчилгээний төвийн ажилтны мэдээлснээр, Дархан-Уул аймагт жилд дөрвөн удаа нохой устгах ажиллагаа зохион байгуулагддаг бөгөөд энэ хавраас эхэлсэн уг ажил одоо ч үргэлжилж байна.
Өмнө нь Хот тохижилтын газраас устгасан нохой, муурыг хогийн цэгт нэгдсэн байдлаар булж устгалд оруулдаг байсан бол энэ удаад мод тарих ажилтай давхацсан тул устгасан 10 нохойг хөрсөнд бордоо болгон ашиглах зорилгоор 10 ширхэг модны нүхэнд булжээ.
Мод нь малын мах, сэг зэмээр тэжээгдэн ургах чадвартай мөнх ногоон ургамал тул энэхүү аргыг туршиж үзэхээр болсон байна.
Одоогоор энэ аргыг цаашид хэрэгжүүлэх эсэх талаар нэгдсэн шийдвэр гараагүй бөгөөд туршилтын явцад эдгээр 10 модыг тэмдэглэн ургацыг ажиглах юм байна.
