Монголд анх удаа олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа “М Банк Арена”-д боллоо.
Энэхүү тэмцээн нь олимпын наадмын чансааны оноо олгох бөгөөд “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадмын эрх олгох зорилготой юм. Тэмцээнд 43 орны 1300 гаруй тамирчин пүмзэ, пара таеквондо, тулааны төрлөөр найман хоногийн турш өрсөлдөнө.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОУОХ-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Соёлын спорт, аялал жуулчлалын яамны сайд Ж.Алдаржавхлан, Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Б.Онон болон Дэлхийн болон Азийн таеквондогийн холбооны удирдлагууд оролцлоо.
Нээлтийн үеэр Монголын таеквондогийн спортын 35 жилийн түүхэнд анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Дэлхийн таеквондогийн төв “Күккивон”-ы ерөнхийлөгч Юн Үн Сок хүндэт дангийн батламж гардууллаа.
