Засгийн газар тэтгэврийн шинэчлэл, нийгмийн баталгааг сайжруулах суурь өөрчлөлт хийхээр боллоо

“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр” Төрийн ордонд болж, Ерөнхий сайд Н.Учрал оролцож үг хэлэв.
Засгийн газар “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга болон эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг чөлөөлөлтийг ажил хэрэг болгохоор хариуцлагатай ажиллаж байгааг Ерөнхий сайд онцлов.
Тэрбээр Засгийн газар улс оронд тулгамдаад байгаа асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх, үнийн өсөлт, ядуурал, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэгчид болон бизнесийг дэмжихээ илэрхийлэв.
Эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын цалинтай холбоотой асуудлыг шийдвэрлэснээр салбарын хамтын хэлэлцээрээр тохирсон цалин нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн байна.
2026 онд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд өсөх төлөвтэй бөгөөд ажиллагчдын тоог 20 мянгаар нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Засгийн газар ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн эрх чөлөө олгох, хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, нийгмийн түншлэлийг дэмжих бодлого баримтална.
Эдийн засаг, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийг тууштай хэрэгжүүлж, төсвийн үргүй зардлыг хэмнэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Олон Засгийн газар дамжин шийдэл хүлээсээр гацсан асуудлуудыг шийдвэрлэх суурь реформуудыг хийхээр төлөвлөж байна.
Нийгмийн халамжийн шинэчлэлийг хийхээр Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг сайжруулах, төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр олгох шударга зарчимд шилжих бодлого баримталж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд шинэчлэлийн багц арга хэмжээг удахгүй танилцуулах юм.
Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг салбарын 30 гаруй хуулиар салангид зохицуулж байсныг цалин хөлсний нэгдсэн бодлогоор зохицуулах бодлогыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх нь боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарын гол бодлого байх бөгөөд үүнд нийгмийн түншлэгч талуудын оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов.
МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 1-нд зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөөх эв санааны нэгдлийн жагсаал, цуглаан”-аас Засгийн газарт ирүүлсэн шаардлагыг хүлээн авч, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, салбарын хэлэлцээрт анхаарахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан.
1999 оноос хойш хоёр жил тутамд байгуулагддаг хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Улсын хэлэлцээрийг 2026-2028 онд дахин байгуулж, нийгмийн даатгал, халамжийн шинэчлэл, цалин хөлсний талаар үндэсний бодлого, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр Засгийн газар хамтарч ажиллана гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.
