“Улаанбаатар марафон 2026” гүйлтийн үеэр замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны Бямба гарагт зохион байгуулагдана. Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Тээврийн Цагдаагийн Хэлтсээс замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Марафоны замыг өглөөний 06:00 цагаас хэсэгчлэн хааж, 07:00 цагаас 19:00 цаг хүртэл шар зураасаар тэмдэглэгдсэн замыг бүрэн хаах юм. Иймд иргэд замын хөдөлгөөнөө зохицуулж оролцохыг уриалж байна.
Хаагдсан замаар зөвхөн түргэн тусламж, цагдаа болон онцгой байдлын автомашин зорчих эрхтэй аж.
Тээврийн Цагдаагийн Албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Жил бүр болдог марафоны үеэр замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаадаг. Хаагдсан замаар ямар нэгэн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй. Мөн цахилгаан дугуй, скүүтер, суррон, мопед зэрэг түрээсийн тээврийн хэрэгслийг марафоны бүсэд нэвтрүүлэхгүй. Үүнийг холбогдох долоон аж ахуйн нэгжид мэдэгдсэн. Ийм тээврийн хэрэгсэлтэй бүс рүү нэвтрэхэд цагдаагийн албаныхан шаардлага тавина. Өнгөрсөн жил цахилгаан мопед, сурроноос болж 12 хүүхэд гэмтсэн” гэж мэдээлэв.
Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын хэлтсийн дарга Л.Амармөрөн “Марафонд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж, гарааны зурхайгаас олон хүн зэрэг уралдаанд оролцоно. Иймд гараанаас гарахдаа аюулгүй байдалдаа анхаарах шаардлагатай. Хэт ойрхон шахалцах, даруулах зэрэг эрсдэл үүсч болзошгүй.
Мөн олон хүн цуглах тул халаасны хулгайн гэмт хэрэг гарах эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй. Марафоны үеэр бага насны хүүхдүүдийг дагуулж ирдэг тул хараа хяналтаа сайжруулах шаардлагатай. Өнгөрсөн жил 4-6 хүүхэд алга болсон тохиолдол гарсан. Уралдааны замд явган зорчигчид зам сүлжих зэрэг байдлаар марафонд оролцогчдын замд саад учруулдаг тул албан хаагчдын шаардлагыг биелүүлэхийг иргэдээс хүсэж байна” гэв.
