Авлигатай тэмцэх газар 4.5 тэрбум төгрөгийн татварын зөрчлийг илрүүлэв

2026-05-21 15:021min
20260521-150219-file.jpeg
Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар 4.5 тэрбум төгрөгийн татварын зөрчил илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолоо. Мөн бусад авлигын зөрчилд холбогдсон албан тушаалтнуудыг шалгаж байна.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны эхний таван сарын байдлаар авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 489 гомдол, мэдээллийг хүлээн авч, хяналт шалгалт явуулжээ.

Хяналт шалгалтаар 68 гомдол, мэдээлэлд зөрчил илэрсэн бөгөөд Авлигын эсрэг хууль зөрчсөн 12 албан тушаалтан, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийг зөрчсөн 30 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Мөн 43 байгууллага, албан тушаалтанд зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр зөвлөмж хүргүүлжээ. Хяналт шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

Тухайлбал, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан аж ахуйн нэгжид хууль бусаар давуу байдал олгосон тухай мэдээллийг шалгах явцад татвараас зайлсхийсэн 4.5 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоосон байна.

Мөн аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, спорт заалыг түрээслэн олсон орлогоо байгууллагын нягтлангийн дансаар төвлөрүүлсэн ч бэлнээр гарган хувьдаа зарцуулсан, багш, ажилчдаас хууль бусаар мөнгө татан авч зориулалт бусаар зарцуулсан зэрэг 37 сая төгрөгийн зөрчлийг илрүүлэн Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Аймгийн Эрүүл мэндийн газрын гурван албан тушаалтан хяналт шалгалт хийх үүргээ хэрэгжүүлэх явцдаа сувиллын газарт өөрсдөө үнэ төлбөргүй, гэр бүлийн гишүүддээ хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тогтоож, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.