Чойр-Замын-Үүдийн авто замыг хятад компани барьж эхэллээ

2026-05-18 07:001min
20260518-070037-file.jpeg
Чойр-Замын-Үүдийн 435 км урт авто замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Хятадын компани барьж эхэлсэн бөгөөд төсөл 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар гурван жилд хэрэгжихээр төлөвлөгдсөн байна.

Чойр-Замын-Үүдийн 435.3 километр урт, хүнд даацын тусгай зориулалтын авто замыг барих ажил өнөөдрөөс эхэллээ. Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 355 дугаартай тогтоолоор Хөшигийн хөндий, Чойр, Замын-Үүд чиглэлийн хоёр эгнээ авто зам барих шийдвэр гарсан байна.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж, Зам, тээврийн яам хоёр үе шаттай сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд “Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК гүйцэтгэгчээр шалгарч, барилгын ажлыг эхлүүлжээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ, энэхүү төсөл нь Азийн авто замын сүлжээний AH-3 коридорт холбогдох бөгөөд Монгол Улсыг бүс нутгийн тээвэр, логистикийн гол зангилаа болгон хөгжүүлэх урт хугацааны зорилтын үндэс болно гэж тэмдэглэв. Тэрбээр мөн энэ зам нь хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих дэд бүтцийн шинэ жишиг болох боломжтойг онцолсон.

Төслийн нийт хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 500 сая ам.доллараар тооцож, 70:30 харьцаатай зээл болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Барилгын ажил гурван жилийн хугацаанд үе шаттайгаар хийгдэх юм.

“Хятадын барилгын инженерийн зургаадугаар товчоо” ХХК авто замыг долоон хэсэгт хуваан, тус бүрд нь зам анги ажиллуулж гүйцэтгэхээр Зам, тээврийн яамнаас мэдээлэв.