Нийслэлийн ус хангамжийн томоохон эх үүсвэр болох Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо

2026-05-17 19:001min
20260517-190055-file.jpeg
Сонгинохайрхан уулын бэлд баригдсан Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр 2026 онд ашиглалтад орж, нийслэлийн цэвэр усны жилийн хэрэглээнд дүйцэх хэмжээний усыг гүн цэвэршүүлэн нийлүүлэх юм.

Нийслэлийн ус хангамжийн хамгийн том эх үүсвэр болох Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр Сонгинохайрхан уулын бэлд баригдаж, 2026 оны 5 дугаар сарын 10-нд ашиглалтад орлоо.

Уг үйлдвэрийг АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 112 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан байна.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 сая шоо метр ус татан авч, гүн цэвэршүүлэн нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд нийлүүлнэ.

Энэхүү үйлдвэр нь нийслэлийн цэвэр усны жилийн хэрэглээнд дүйцэх хэмжээний усыг цэвэршүүлэх томоохон эх үүсвэр болж байна.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри хэлэхдээ, Компакт гэрээг баталж, бүтээн байгуулалтыг дэмжсэн Монголын төр, засаг, нийслэл хот, холбогдох байгууллагууд болон ард түмэнд талархал илэрхийлж, нийслэлчүүд найдвартай ус хангамжтай болж, хотын өрсөлдөх чадвар сайжрахад энэ үйлдвэр хувь нэмэр оруулна гэдгийг онцолсон.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Туркийн “МАПА Иншаат ве Тижарет”, Израилийн “Баран групп лимитед” компаниуд ажиллаж, АНУ-ын “Тетра Тех” компани хяналт тавьжээ.

Барилга, байгууламжийн инженерийн зураг төслийг АНУ-ын “АЭКОМ” болон Монголын “Престиж инженеринг” компаниуд боловсруулсан байна.

Мөн Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд ус дахин боловсруулах үйлдвэр баригдаж, 2026 оны 3 дугаар сард ашиглалтад орсон бөгөөд энэ үйлдвэр өдөрт 50 мянган шоо метр цэвэрлэсэн усыг дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлж байна.

Ус дахин боловсруулах үйлдвэр нь жилд 18 сая гаруй шоо метр гүний цэвэр ус хэмнэж, нийслэлийн орон сууцны 100 гаруй мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувийг нөхөж байгаа юм.

Энэ нь жилд дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх бөгөөд саарал усыг олон салбарт ашиглах боломжийг бүрдүүлж байна.