Монголд тархсан хулангийн тоо толгой буурчээ

Говийн 6 гайхамшигт амьтны нэг болох хулан буюу зэрлэг илжиг нь дэлхийн нийт хулангийн 80 гаруй хувийг эзэлдэг Монгол орны онцлог амьтан юм. Хулангийн биеийн урт нь 220 см, мундаагаараа 137 см өндөр, сүүл нь 49 см, жин нь 200 кг хүрдэг. Гэрийн адуутай харьцуулахад толгой нь том, чих нь урт, сүүл нь зөвхөн үзүүрийн хэсэгтээ шингэхэн богино хялгастай, бие нь хул зүстэй байдаг.
Хулангийн тархац сүүлийн 2-3 жилд цаг агаар болон амьдрах орчны өөрчлөлтөөс шалтгаалан ихээхэн хумигдаж, мөн ашиг хонжоо олох зорилготой хүмүүсийн золиос болсноор тоо толгой нь эрс буурсан байна.
Энэхүү амьтан нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллаар олон улсын хэмжээнд эмзэг, бүс нутагт ховордсон зүйлд багтдаг.
Монгол Улсад хуланг агнахыг 1953 оноос хуулиар хориглож, 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны хавсралтад бүртгэж, Монгол Улсын улаан номд оруулсан.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг төлбөртэй авах зохицуулалттай бөгөөд иргэд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэл өгч, Экологийн цагдаагийн албатай хамтран ажиллахыг зөвлөж байна.
