Монгол Улсад нэг сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоо 228 байна

2025 оны байдлаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нийт 16093 их эмч, 15099 сувилагч ажиллаж байна. Нэг их эмчид дунджаар 214 хүн ногдож байгаа бол нэг сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоо 228 байна.
Жил бүрийн тавдугаар сарын 12-нд “Олон улсын сувилагчдын өдөр” тэмдэглэгддэг бөгөөд энэ өдөр нь орчин цагийн сувилагч, сурган хүмүүжүүлэгч Флоренс Найтингейлийн төрсөн өдөр юм.
Флоренс Найтингейл нь Крымийн дайны үед (1853-1856) шархадсан цэргүүдэд сувилагчаар ажиллаж байхдаа нас баралтын шалтгааныг нарийвчлан бүртгэн “Сарнайн диаграмм” хэмээх инфографик боловсруулсан байна. Тус инфографик нь цэргүүдийн олонх нь эмнэлгийн тааруу нөхцөл, ариун цэврийн асуудлын улмаас нас барж байгааг харуулж, тухайн үеийн эрх баригчдын бодлого, шийдвэр гаргалтад нөлөөлж олон хүний амь насыг аврахад хувь нэмэр оруулжээ.
