Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмжөөс өндөр хэвээр байна

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс (НЭМҮТ) Монгол хүний давсны хэрэглээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөсөн хэмжээнээс өндөр байгааг мэдээллээ. Давсны хэт хэрэглээ нь цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Монгол Улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-ны үр дүнгээр хүн амын давсны хоногийн дундаж хэрэглээ 10.5 грамм байгаа нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их байна.
Давсны хэрэглээг хоногт тав грамм хүртэл бууруулснаар цусны даралт ихсэх эрсдэл 30 хувиар, зүрх судасны өвчний шалтгаант нас баралт 17 хувиар, тархины харвалтын шалтгаант нас баралт 23 хувиар буурах боломжтой юм. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг бууруулах, хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.
НЭМҮТ-өөс хоолондоо давс бага хэрэглэх, давс ихтэй боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлахыг зөвлөж байна. Энэ нь эрүүл мэндийг хамгаалах энгийн бөгөөд үр дүнтэй арга гэж үзэж байна.
