Завхан аймагт сэргээн нутагшуулсан тахийн сүргийн тоо 150 гаруй толгойд хүрчээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талын байгалийн цогцолборт газрын Сээрийн нуруу орчимд сэргээн нутагшуулсан тахийн сүргийн тоо 150 гаруй толгойд хүрсэн байна. Мөн тус газарт Монгол бөхөн, Цагаан зээр, Хар сүүлт зээр, Янгир зэрэг нэн ховор, ховор зэрлэг амьтдын тоо толгой мэдэгдэхүйц өссөн талаар Хомын талын байгалийн цогцолборт газрын захиргаанаас мэдээллээ.
Тахийг сэргээн нутагшуулах эхний үе шатанд буюу дасан зохицох хугацаанд Сээрийн нуруу орчмын 14,000 га талбайг 2003 онд хашаалж, тахийг хамгаалж байжээ. Тус газар нь байгалийн онцлог, экосистемийн ач холбогдлыг харгалзан 2020 онд улсын тусгай хамгаалалтад авч, байгалийн цогцолборт газрын ангилалд оруулсан байна.
Сээрийн нуруу орчимд сэргээн нутагшуулсан тахийн сүргийн хамгийн том тулгамдсан асуудал нь усны хомсдол юм. Намар, хавар, зуны улиралд Завхан голоос ундаалдаг бол өвлийн улиралд Завхан гол хөлддөг тул цаснаас усны хэрэгцээгээ хангадаг. Гэсэн хэдий ч тухайн жилийн хур тунадасны хэмжээнээс хамаарч цас бага орох, оройтох зэрэг нөхцөл байдал үүсэхэд тахийн сүрэг усны хомсдолд орох эрсдэлтэй байна.
