Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олгох нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд нөлөөлнө

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж амьгүй донорын тоо нэмэгдэх эсэх талаар асуулт тавьсан юм.
Эрхтэн шилжүүлэн суулгах албаны зөвлөх эмч П.Батчулуун 1963 оноос эхлэн амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг анагаахын шинжлэх ухааны практикт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улс энэ эмчилгээг 2018 оноос идэвхтэй хөгжүүлж байна гэв.
Тэрбээр хуульд заасны дагуу амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олгосноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ нэмэгдэх хандлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
П.Батчулуун БНСУ, БНТУ зэрэг улсууд амьгүй донорыг идэвхжүүлэх, ард иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор ар гэрт нь оршуулгын зардал олгодог туршлагыг нэвтрүүлсэн бөгөөд Монгол Улс энэ арга хэмжээг хуульд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг онцлов.
